Чойбалсан хотын 80 жилийн ой өргөн дэлгэр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-04 15:33:49
Дорнод /МОНЦАМЭ/. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын иргэд баатарлаг түүхтэй 80 жилийн ойгоо энэ өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хотын тугийг цэнгүүлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулсан юм. Ойн баярыг найрамдалт хотуудын иргэдийн дундах параспортын тэмцээнээр эхлүүлсэн нь ч учиртай ажээ. Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр: Хотын удирдлага цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх тал дээр онцгой анхаарах учир түүхт ойгоо параспортын тэмцээнээр эхлүүлж байна гэв. 
Түүнчлэн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид түүхт ойдоо зориулан Хэрлэн голын хөвөөнд Соёмбот хөшөө босгожээ.  
Ойн баярыг тохиолдуулан Чойбалсанчуудад баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг түүний Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа уламжиллаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ойн хурын үеэр хэлсэн үгэндээ "Дорнодчуудын итгэлийг хүлээн сонгогдсоны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлийн хүрээнд Чойбалсан хотыг хотын статустай болгох тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа" гэдгээ дуулгасан нь баярыг чимсэн үйл явдлуудын нэг байв. 
Ойд Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурной, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын Думын орлогч Зенков Александр Петрович, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын Засаг даргын орлогч Гүө Шяо-фан, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын буриадын тойргийн захиргааны нутаг дэсвгэрийн хөгжлийн газрын дарга Цыренов Солбон Аюурович, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга зүүн хошууны Намын хорооны байнгын гишүүн Ян Шуа Гань, Хэрлэн сумын Ахмад дайчин Я.Өсөх, аймгийн Засаг дарга асан Л.Сүхбаатар, Ц.Жанлав, Хэрлэн сумын Засаг дарга асан Я.Насандэлгэр, Ж.Энхцэцэг нарын хүндтэй зочид уригдан ирж хүндэтгэл үзүүллээ.
Түүх сөхвөл, Чойбалсан хотын ард иргэд тэртээх Халхголын дайны ар тал болж, бөмбөгдөлтөд өртөж байсан түүхтэй. Хотын ард иргэд Зөвлөлт Монголын армитай хамтран бүтэн нэг сар гаруйн хугацаанд 6-7 метрийн урт, 2.5-3 метрийн гүн танкын саад ухаж, бөмбөгдөлтөөс сэргийлэхийн тулд шөнийн цагаар бүх гэрлээ унтрааж, өнгөлөн далдлалт хийж байсан гэдэг. Хот анхнаасаа голоо дагаж төвлөрөн хөгжсөн нь санамсаргүй зүйл биш. Нэг дор бөөгнөрч суурьших нь бөмбөгдөлтөд өртсөн тохиолдолд их гарз нүүрлэхээс сэргийлсэн гэж ахмад дайчид ярьж байлаа.
Д.Дэлгэрмаа
相关新闻