Тусгай бүлгийн цэцэрлэг хичээлийн жилийн нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-04 12:02:44
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сум дахь Тусгай бүлгийн 11 дүгээр цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ 9 дүгээр сарын 3-ны өдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцож, онцгой нөхцөлд ажиллаж байгаа багш нарт болон тус цэцэрлэгийн 20 гаруй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдэд сэтгэлийн дэм өгсөн юм.
А.Ишдорж дарга хэлэхдээ “Арвайхээр сумын Засаг даргаар ажиллах үед тус суманд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байгааг, тэдгээр хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг анзаарч, 3 дугаар цэцэрлэгт тусгай бүлэг нээн ажиллуулж эхэлсэн. Энэ нь эцэг эхчүүд, төрийн байгууллагын дэмжлэгээр өргөжин тэлж, 2017 онд Тусгай бүлгийн цэцэрлэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна” гээд тухайн цэцэрлэгийн багш нарыг нарийн мэргэжлээр мэргэших шаардлагатай байгааг хэлэв. Үүний тулд “Гадаадад суугаа Монголчуудын холбоо” ТББ-д хандан зарим хүсэлтийг тавьсан бөгөөд хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, багш нарыг сурган мэргэшүүлэх боломж байгааг дуулгасан юм.
БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэлэхдээ “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй тулж ажиллахын тулд тус цэцэрлэгийн багш нар гар, сэтгэл нэгдэн ажиллаж байгаа”-д талархал илэрхийлсэн ба сайдын шинэчилсэн журмын дагуу тусгай цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдийг мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн авч байх талаар зөвлөлөө.
Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Тусгай бүлгийн 11 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцон “Гурван тоорой” жүжгээр бэлэг барьж, цэцэрлэгт ном, дэвтэр, тоглоомыг хандивлав.
Б.Батчимэг
相关新闻