Энэ сарын сүүлчээр Баян-Өлгийн нийт нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар тухайн сард агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байх төлөв ажиглагджээ.
Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх юм.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь уур амьсгалын дунджийн орчим аж.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Салхины хурд нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар дарав хоногийн сүүлчээр 18-20 м/с хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах ажээ.
Ө.Нурболат