Сэлэнгэ аймгийн нутаг дахь гол мөрний усны түвшин 8-86 см дээшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-08-30 11:30:26
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас аймгийн нутаг дахь гол мөрний усны түвшин ямар байгаа талаар шинжилгээ хийсэн байна. Наймдугаар сарын хоёрдугаар арав хоногийн тойм мэдээгээр аймгийн нийт нутгаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин ОЖД-аас их байгаа аж. Иймээс ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхаарууллаа.
Дээрх шинжилгээгээр Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 296 см буюу ОЖД-аас 22 см-ээр, Сүхбаатар сумаар 439 см буюу ОЖД-аас 82 см-ээр их байгаа гэнэ. Харин Орхон голын усны түвшин Орхон сумаар 265 см /ОЖД-аас 86 см-ээр их/, Орхон гол Сүхбаатар сум орчмоор 312 см / ОЖД-аас 80 см-ээр их / бөгөөд ажиглагдсан хамгийн их түвшин 328 см буюу Орхон гол үерлэсэн байдалтай байгаа ажээ.
Мөн Ерөө голын усны түвшин Ерөө сум орчмоор 346 см /ОЖД-аас 39 см-ээр их/, Ерөө гол Дулаанхан сум орчмоор 342 см /ОЖД-аас 62 см-ээр их/ ажиглагдсан хамгийн их түвшин 368 см байгаа бөгөөд Ерөө голын усны түвшин үерийн түвшинтэй ойролцоо байгаа юм байна. Хараа голын усны түвшин Баянгол сум орчмоор 181 см /ОЖД-аас 3 см-ээр их/, Хүдэр голын усны түвшин Хүдэр сум орчмоор 245 см /ОЖД-аас 23 см/-ээр их бөгөөд Хүдэр голын усны түвшин мөн үерийн түвшинтэй ойролцоо байгаа ажээ.
Мөн Зэлтэр голын усны түвшин Түшиг сум орчмоор 277 см /ОЖД-аас 8 см-ээр их/ байгаа судалгаа гарчээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻