Халхын голын дайнд Баян-Өлгий аймгаас оролцсон хүмүүсийн мэдээлэл тодорхойгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ирэх жил Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохионо. Өнгөрсөн зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн XVIII уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уг баярыг хамтран өргөн дэлгэр тэмдэглэхээр санал нэгдсэн юм.
Ойн баярын бэлтгэл ажил энэ өдрүүдэд манай эх оронд болон ОХУ-д ид явагдаж байна. Жишээлбэл, Оросын "Ленфильм" киностуди Халхын голын дайны тухай уран сайхны шинэ кино бүтээхээр болсон талаар Түүхийн Нийгэмлэгийн тэргүүн Сергей Нарышкин өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Харин Халхын голын байлдаанд Баян-Өлгий аймгаас хэдэн хүн оролцсон тухай тодорхой мэдээлэл одоог хүртэл байхгүй байна. Тухайн үед Баян-Өлгий аймаг байгуулагдаагүй, казах, урианхай, тыва, дөрвөдүүд Увс, Ховд аймагт харьяалагдаж байснаас тусдаа мэдээллийн сан хадгалагдаагүй аж.
Нутгийн иргэдийн мэдээллээр одоогийн Ногооннуур сум, Цагааннуур тосгоны нутагт амьдарч байсан дөрвөд түмнээс Б.Дэмбэрэл, Г.Жамсран, Б.Ламжав, А.Авирмэд, Г.Бадам, Ч.Батхуяг, Х.Чойжоо, Ө.Жүгдэр, урианхайчуудаас Д.Гармаа, Б.Тарав, Н.Санжмятав, З.Мами зэрэг олон дайчид оролцож байжээ.
Харин казах түмнээс Монголын Нисэх хүчний командлагч М.Зайсанов, зургадугаар морьт хорооны сумангийн дарга М.Икей /1979 онд Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан/, хуягт танкчин К.Тана, түрүүч Х.Баймолда нарын хүмүүс тулалдсан ажээ.
Иймд Халхын голын дайны ялалтын 80 жилийг ойг угтан тус байлдаанд Баян-Өлгий аймгаас оролцсон хүмүүсийн мэдээллийг архиваас цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, алдаршуулах, өргөн хүрээнд сурталчилах ажлыг зохион байгуулах шаардлага гараад байна.
Ө.Нурболат