Мобиком корпораци гамшигт нэрвэгдэгсдэд 90 орчим сая төгрөгийн тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-16 09:43:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мобиком корпораци Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 90 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ талаар тус корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамадагаас ирүүлсэн албан бичигт дурдсан байна.

Албан бичгийг корпорацийн удирдах зөвлөлийн төлөөлөл аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалд өчигдөр гардуулж өглөө.

Корпорацийн зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд сэтгэлийн дэм болгож 30 сая төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хандивын дансанд шилжүүлэхээс гадна ирэх сард мобикомын үүрэн холбооны урьдчилсан болон дараа төлбөрт, хосолсон төлбөрт хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлэх замаар 56.9 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ажээ.

Онцолж хэлэхэд мобиком корпораци нь 2016 онд болсон үерийн гамшгийн үеэр Баян-Өлгийчүүдэд 33.5 сая төгрөг хандивлаж байжээ.


Ө.Нурболат

相关新闻