Завханы зарим голын ус нэн цэнгэг ангилалд багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-08-06 19:49:46

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн хийсэн шинжилгээгээр хэд хэдэн голын ус нэн цэнгэг гэж шинжлэгджээ.
Усны шинжилгээг  Богдын голын Улиастай нэг, хоёрдугаар цэг, Чигэстэй голын Улиастай нэг, хоёрдугаар цэг, Тэс-Баян уул зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтээр шинжилжээ. Тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри+ калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойлсон байна.
Шинжилгээгээр дээж авсан голуудын эрдэсжилт нэн цэнгэг ангилалд багтаж байгаа бөгөөд Тэс гол цэнгэг ангилалд багтаж байна. Харин Богд, Чигэстэй голын усны хатуулаг 1.5 мг-экв/л буюу маш зөөлөн, Тэс гол нь зөөлөвтөр устай байлаа. Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг MNS4586-1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжид биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар илрээгүй. Голын усны хатуулаг 1.20 мг-экв/л, маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр гарсан тухай аймгийн Ус, цаг уур, орчны Шинжилгээний төвөөс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

相关新闻