Хятадын Элчин сайд Шин Хаймин Баян-Өлгий аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллалаа. Тэрээр ам. өнгөрсөн сарын 14-16-ны өдрүүдэд Өлгий сумын нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгийн голомтод очин нөхцөл байдалтай танилцаж, үдээс хойш Монгол Улсын баруун таван аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Завхан аймгийг төлөөлж ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар оролцлоо.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, өнгөрсөн оны наймдугаар сард тохирсон ёсоор Монгол Улсын хамгийн баруун хязгаарт баруун аймгуудын удирдлагуудтай уулзалт хийж байгаад талархаж байна гэлээ.
Элчин сайд Шин Хаймин уг уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын удирдлагуудад баярлан талархсанаа илэрхийлж, Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурлаас гарсан шийдвэр, тус улсын удирдлагын зүгээс баримталж буй бодлого, “Нэг бүс Нэг зам” санаачилгын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Мөн Монгол, Хятадын найрсаг харилцаа бэхжин хөгжсөний үндсэнд хил орчмын бүс нутгуудын хөгжилд ахиц дэвшил, амжилт гарахыг, хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг маш олон талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг, Монгол Улсын баруун аймгууд болон Хятадын Шинжан-Уйгарын өөртөө засах орон, Өвөр Монголын өөртөө засах орны хоорондох харилцааг улам бэхжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд энэ удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байгааг онцоллоо.
Түүнчлэн үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын ард иргэдэд тусламж болгон 20 мянган доллар хандивлалаа.
Ө.Нурболат