Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид унаатай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош болон Rally For Rangers сангийн дэмжлэгээр Алтай Таванбогд уулын байгалийн цогцолборт газар болон Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчид “YAMAHA” маркийн бартаат замын мотоцикль олгосон байна.
Мотоциклийг хандивлагч гадаадын иргэд Говь-Алтай аймгаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум хүртэлх 850 гаруй км замыг туулж хүргэж ирсэн байна.
Байгаль хамгаалагч нарт унааны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээт хайрхан ууланд боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцсон бөгөөд 2011 оноос Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулж буй “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийг аймгийн Засаг даргын "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Rally For Rangers сан нь АНУ-ын Аризона мужийн Туксон хотод үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд мото аялал зохион байгуулах замаар дэлхийн улс орнуудын сайн дурын иргэдээс хандив цуглуулж, байгаль хамгаалагчдад олгодог байна. Өнгөрсөн жил тус сангаас мөн хөрөнгө босгож авсан бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад Улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр хайрханы өвөр хүртэл 1600 км замыг туулж, тус дархан цаазат газрын 10 байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгч байсан юм.
Ө.Нурболат