Шинжилгээгээр тарваган тахал биш болох нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-07-31 19:49:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу долдугаар сарын 30-ны их үдэд Баянцагаан сумаас тарваган тахал өвчний сэжиг бүхий зовиур, шинж тэмдэгтэйгээр иргэн Ц аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн өвчтөний шинжилгээг Улаанбаатар хотод ЗӨСҮТ-д шинжлээд, тарваган тахал өвчин биш болохыг тогтоосон байна.
Баянхонгор сумын иргэн Ц/24 настай/ Баянцагаан суманд амрах үедээ хэсэг нөхдийн хамт хоёр тарваганы мах идсэн гэх бөгөөд махыг цочир, хэтрүүлэн идсэнээс ходоод гэдэс хямран бөөлжиж, суулгах зовиур илэрсэн аж.
Хэдийгээр тарваган тахал өвчин биш ч хориотой ан хийсэн, худалдан борлуулсан, худалдаж авсан тохиолдын аль болохыг тодруулж, хариуцлага тооцохоо мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.
Сонирхуулахад, Монгол Улсад 1990 онд 15 сая толгой тарвага тоологдож байсан бол 2001 онд таван сая болж буурсан юм. Тиймээс 2005, 2006, 2014 онд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын тушаалаар тарвага агнуурыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ аваад байжээ. Цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд гарсан тарвага агнахыг хориглох тушаалыг 2017 онд гурван жилийн хугацаагаар сунгасан аж.
                                                                                                                                   Б.Мөнхзул
相关新闻