НҮБ-ын Хүн амын сангаас 250 эмэгтэйд ариун цэвэр, эрүүл ахуйн багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-30 22:01:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сангаас үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 эмэгтэйд өнөөдөр ариун цэвэр, эрүүл ахуйн багц олголоо.

Уг тусламжийн багцыг НҮБ-ын Хүн амын сангийн Жендерийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюун гардуулж өгөх үеэрээ, "Тус аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаас манай суурин төлөөлөгч Наоми Китахарад үерт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх тухай хүсэлт тавьсан. Бид өөрсдийн нөөц боломжоо ашиглаж ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг авч ирж хүлээлгэж өгөх гэж байна. Аливаа гамшгийн үед Засгийн газар, олон улсын байгууллагууд хүмүүсийн хоол тэжээл, хувцас, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээнд голдуу анхаарал хандуулж, эмэгтэйчүүдийн өөрийн гэсэн өвөрмөц хэрэгцээг орхигдуулдаг. НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, жендерийн эрхийн асуудлаар ажилладаг байгууллага учраас энэхүү хэрэгцээг олж харж, гамшгийн үед тухайн багцыг охид, эмэгтэйчүүдэд түгээдэг" хэмээн тайлбарлалаа.

Эмэгтэйчүүдэд дээрх тусламжийг гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Анхбаяр нар оролцож, ард иргэдэд тусламжийн гараа сунгаж буй НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.   

 

Ө.Нурболат

相关新闻