Калифорнид дэгдээд байгаа гал түймэр хүрээгээ тэлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-30 09:08:53
twitter.com/Nyamkanmk
ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд байгаа ой хээрийн түймэртэй хэдэн мянган гал сөнөөгч тэмцэж байгаа хэдий ч гал түймэр хүрээгээ тэлсээр байна гэж албаны хүмүүс анхааруулав.

Хүчтэй салхитай, үүний зэрэгцээ хуурайшилт их байгаа нь гал түймэр тархах гол шалтгаан болоод байна гэж гал сөнөөгчид мэдээллээ.

Энэ нь Калифорни муж улсад гарсан томоохон хэмжээний найман гал түймрийн нэг юм.

Тус мужийн Шаста тойрогт гарсан гал түймрийн улмаас одоогийн байдлаар зургаан хүн амиа алдсаны дунд бага насны хоёр хүүхэд, нэг өндөр настан байгаа юм. Харин пүрэв гарагт Йосемит үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ойролцоо гарсан гал түймэртэй тэмцэж байгаад хоёр гал сөнөөгч амиа алджээ.

Гал түймэр баасан гарагт хоёр дахин хүрээгээ тэлээд байсан бөгөөд ням гараг гэхэд гал түймрийн таван хувийг унтраасан байна. Гал түймрийн улмаас 194 км хавтгай дөрвөлжин газар нутаг шатаж, наад зах нь 500 байшин барилга сүйджээ. Энэхүү хэмжээ нь Сан-Франциско хотын газар нутгаас том хэмжээ юм.

Үүний зэрэгцээ Шаста тойргоос 38 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Калифорни муж улсын захирагч Жерри Браун тус тойрог болон бусад гурван тойрогт онц байдал зарлажээ.

Д.Нямтулга

 
相关新闻