Сарны бүтэн хиртэлт болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-07-27 17:10:13
НЬЮ-ЙОРК. /Си-Эн-Эн/. Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны бүтэн хиртэлт баасан гарагийн шөнө болно. Энэ үзэгдлийн үеэр сар улаан өнгөтэй болж, "цуст улаан сар" гарах бөгөөд энэ нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн орнуудад харагдах аж. Үүнтэй зэрэгцэн Ангараг гараг хамгийн тод харагдах учир манай тэнгэрт хоёр тод улаан гараг харагдах юм байна.

Уг хиртэлт нь дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийн орнуудад өдрийн цагаар тохиох тул умард америкчууд энэхүү ховор үзэгдлийг үзэж чадахгүй ажээ. Сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үед тохиодог байна. Харин энэ удаад "цуст улаан сар" гарах учир энэ хиртэлт маш онцгойд тооцогдож байгаа юм. Энэ баасан гарагт нар болон дэлхий нэг шугаманд орж, сар дэлхийн сүүдэрт орсноор уг үзэгдэл болж байгаа ажээ.

Сарны энэхүү хиртэлт нэг цаг 43 минутын хугацаанд үргэлжлэх бөгөөд түүнээс өмнө болон дараах үеийн хэсэгчилсэн хиртэлтийн хугацаа буюу сар дэлхийн сүүдрээс гарах нийт хугацааг тооцож үзвэл 4 цаг орчим болох юм байна.

Тэргэл сар дэлхийн сүүдэрт орох үед сар харанхуй болох хэдий ч бүрмөсөн алга болохгүй аж. Нарны туяа дэлхийн агаар мандал руу нэвтэрснээр сарны өнгийг гайхалтайгаар хувиргаж, улаан өнгөтэй болгох юм байна. Тус үзэгдлийг харж байгаа газар нутгийн цаг уурын нөхцөлөөс хамааран сар нь зэвхий улаан, тоосгон улаан болон цусан улаан өнгөтэй харагдах ажээ.
 
Э.Хулан
 
相关新闻