Туркийн "Улаан хавирган сар" нийгэмлэг үерт нэрвэгдсэн иргэдэд хүнсний тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын "Улаан хавирган сар нийгэмлэгээс өчигдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн 700 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.
Монголын Мусульман Шашны Холбооны хүсэлтээр үзүүлж буй уг эхний ээлжийн тусламжийн багцад нэг өрхийн 10-15 хоногийн хэрэгцээнд хүрэлцэхүйц хүнс, ариун цэврийн хэрэгслүүд багтсан бөгөөд "Улаан хавирган сар нийгэмлэг"-ийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд Хусайн Татар, Фарик Аксоу нар газар дээр нь ажиллаж тараасан байна.
Түүнчлэн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэж, холбогдох судалгааны хамт төсөл ирүүлсэн тохиолдолд хоёр дахь ээлжийн тусламж үзүүлэх боломжтойг аймгийн удирдлагуудад илэрхийлжээ.
Ө.Нурболат