Оюутны дэлхийн аваргаас Мандалын О.Мөнхзолбоо алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-23 13:42:48
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хөх чоно” клубын тамирчин О.Мөнхзолбоо алтан медаль хүртжээ.

Тэрээр энэ сарын 9-ний өдөр болсон уг тэмцээний 63 кг-ын жинд өрсөлджээ. Аливаа тэмцээн уралдаанд явах болохоор санхүүгийн бэрхшээл тамирчдын өмнө тулгардаг ёсон бий. О.Мөнхзолбоо ч үүнийг тойроогүй аж. Түүний ээж хүүгээ дэлхийн аваргын тэмцээнд явуулах гэж зээл авсан байна. Ээжийнхээ энэхүү зүтгэлийг хүү нь зүтгэлээр хариулж, баярт мэдээтэй эх нутагтаа иржээ. Мөн тэрээр тамирчин хүний бас нэгэн давааг давж, тэмцээнд орохын тулд 12 кг жин хассан гэнэ. Маш их зардал гарган байж явсан зорилгоо биелүүлж, оюутны дэлхийн аваргын алтан медаль хүртсэндээ тэрээр их баяртай байгаа гэсэн юм. Түүний Солонгос улсын тамирчинтай хүрэл медалийн төлөө хийсэн тоглолт хамгийн хүнд даваа байсан байна. О.Мөнхзолбоо 2014 оноос энэхүү спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд эдүгээ дөрвөн жил хичээллэж байгаа аж. Түүний анхны багш нь Зүүнхараагийн таеквондогийн “Хөх чоно” клубийн багш н.Алтантуяа гэлээ. Шинэхэн дэлхийн аварга тамирчин маань хичээллэж эхэлснээсээ хойш хоёр жил медаль авалгүй тэмцээн уралдаанд оролцож байгаад сүүлийн хоёр жилээс ийнхүү амжилт үзүүлж эхэлсэн гэнэ.
Нутгийн унаган хүү Таеквондогийн оюутны Дэлхийн аварга болсонд баяр хүргэж Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж ҮБТДС-ийн оюутан, дэлхийн аварга хүүдээ хүндэтгэл үзүүлж, мөнгөн аяга, нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻