Үерийн хамгаалалтын далан, суваг барих тендерт "Агайын" компани шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотыг тойруулан 27 км үерийн уснаас хамгаалах далан, суваг барих ажлын зураг төсөв хийгдэж, 16 км-ыг нь 2018-2019 онд гүйцэтгэхээр болсон билээ. Тэгвэл уг ажлын гүйцэтгэгчээр "Агайын" компанийг энэ сарын 10-ны өдөр шалгаруулсан байна.
Хамгаалалтын далан, сувгийн нийт төсөвт өртөг 31 тэрбум, 2018-2019 онд хийгдэх эхний ээлжийн ажлын санхүүжилт нь таван тэрбум төгрөг бөгөөд үүнээс энэ жилийн төсөвт 568 сая төгрөг тусгагдсан аж.
Аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн ажлын тендерийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зарлажээ. Гэвч өрсөлдөгч "Аригшан" компаниас гаргасан хоёр удаагийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас тендерийг нээх хугацааг зургадугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгасан байна.
Холбогдох хуульд зааснаар тендерт өрсөлдөгч компаниуд захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг гүйцэтгэгч компанийг тодруулснаас хойш ажлын 5 өдрийн дотор Сангийн яаманд гаргах ба энэ хугацаа өчигдрөөр дуусгавар болжээ.
Иймд дээрх хугацаанд тендерт өрсөлдсөн компаниуд захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдол гаргаагүй тохиолдолд "Агайын" компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх ажээ.
Ө.Нурболат