Үерийн дараах сэргээн засварлах ажил эрчимтэй явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-19 16:33:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн гамшгийн нөхцөл байдалтай аймгийн Онцгой байдлын комиссын гишүүд газар дээр нь очиж танилцан, бодит байдлыг нүдээр үзэн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
Тус онцгой комиссын гишүүд гурван өдрийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын 4-р багт байрлах үерийн далангийн нөхөн сэргээлтийн ажилд онцгой, цэрэг, цагдаа хүчний байгууллагын 60 гаруй албан хаагчид ажиллаж байна. Энэ ажилд иргэд хоол, хүнс, усаар туслалцаа үзүүлжээ.
Мөн 3-р багт байрлах Физик эмчилгээний арын үерийн далангийн нөхөн сэргээлтийн ажил дээр “Сэлэнгэ” АЗЗА компанийн 14 хүн, техник тоног төхөөрөмжөөр 11 иргэнтэй хамтран ажиллаж байна. Бас 4-р багт байрлах дамжуулах станцын урд талын үерийн далангийн нөхөн сэргээлтийн ажилд 24 иргэн, 2-р багт хийгдэж байгаа далангийн ажилд “Цахим ертөнц” ХХК, “Гоё” дэлгүүр”,  “Очир” дэлгүүр, “Баянхан”, “Сэлэнгэ”, “Стандарт” барилгын материалын дэлгүүрүүд, “Гурван мэргэд” зах болон худалдаа үйлчилгээ эрхлэгч нар эд материалын туслалцаа үзүүлэн ажилаж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻