Дорноговийн харваачид төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-16 11:04:13
Дорноговь /МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын шагайн харвааны төрөлд Дорноговь аймгийн харваачид хоёр дахь удаагаа түрүүллээ.
Монгол Улсын 18 аймаг есөн дүүргийн 88 багийн 700 гаруй харваач цэц мэргэнээ сориход Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай "Болд Төмөр Ерөө Гол" ХХК-ийн баг харваачид онч мэргэн, цэц гарамгай наадаж  төрийн наадмын түрүүг авлаа.
Дорноговийн шагайчид өнгөрөгч жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд ийнхүү хоёр жил төрийн наадмын шагайн харваанд түрүүлсэн баг боллоо. Мөн 2016 оны баяр наадамд хоёрдугаар байрт шалгарч байжээ.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас үндэсний спортыг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хүүхэд залуусыг үндэсний спортоор хичээллэх боломжийг олгох чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж байгаа төдийгүй шагайн харвааны баг, холбоог сум бүрт байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа аж.
Мөн хуучин уламжлалыг сэргээж Ноён гэгээнтний тойром шагайн наадгай, Монгол Улсын хүндэт харваач Ё.Баатарсүрэн агсны нэрэмжит тэмцээн, аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн зэрэг  тэмцээнийг олонтаа зохиож харваачидын цэц мэргэнээ сорьдог болжээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻