Баян-Өлгийнхөн адуу сонирхох болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМалчид таван хошуу мал дундаас адууг илүүд үздэг болж байна. Өмнө нь бэлчээрийг талхилдаг, хөл урт, явдал хурдтайгаараа дуртай газартаа түргэн хүрч алдагддаг, хулгайнд өртдөг хэмээн адууг цөөн тоотой өсгөн үржүүлдэг байсан бол одоо адуу үнэд ороод байна.
Тухайлбал дорно зүгийн нутгаас хурдан удмын азарга авах дур сонирхолтой болов. Улаанбаатарт суугаа тус аймгийн уяачдын холбооны тэргүүн Х.Нурлат сум бүрийн салбартаа нэг нэгэн азарга авчирч өгөхөөр амласан бол УИХ-ын гишүүн А.Бакей ирэх хавар 26 азарга оруулж ирээд тус бүрийг нь 25 хониор борлуулах ажил зохион байгуулахаар болсон. Мөн бусад малыг улсын хилээр гаргахыг зөвшөөрөхгүй байгаа энэ цаг үед адуунд шүлхий өвчин тусдаггүй учир зуун толгой адуу саявтархан экспортонд гарч одоод, одоо гурван мянган адуу гарахаар болж байна.
Дээр нь бас Өлгий сумын малын зах дээр хонь, үхрийн үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг нэг дахин буурсан байхад нядалгааны чиглэлийн адууны үнийн хямдрал хорин хувиас хэтрээгүй байгаа. Учир нь өнөөдрийн байдлаар нэхий 1500, ямааны арьс 12000, үхрийн шир 20-25 мянган төгрөг байхад адууны шир 48 мянган төгрөг болж улам өсөх хандлагатай. Бүтэн казы 30000 төгрөг. Өлгийд хэд хэдэн айл гүү барьж өвлийн айраг исгэн литрийг нь 3000 төгрөгөөр борлуулж байна. Айрагны орлогын нэг хэсгээр гүүгээ тэжээдгийн дээр хот дотор гүү барих нь гүү, унага хоёрыг сүүлтэй, сүүлгүй чонодоос хамгаалах арга мөн болохыг хүмүүс ойлгосон байна. 1990-ээд оноос тус аймгийн нийт мал сүргийн талаас илүү хувийг ямаа эзлээд байсан бол байдал энэ хэвээрээ байвал ойрын хэдэн жилд гол байр суурийг адуу эзлэх магадлалтай байна.
Ш.Айзаря