Аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-03 11:27:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан өчигдөр буюу энэ сарын 02-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд хуралдлаа.
Хуралдааны ирц 75.7 хувьтай байв. Хуралд Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийн боловсруулалтын явцын тухай танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа танилцууллаа. Мөн зарим газар нутгийг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04-р сарын 05-ны өдрийн 40 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах саналын тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд орлогын гүйцэтгэлийг 77044709828.37 төгрөгөөр, төсвийн зарлагын гүйцэтгэлийг 76839407952.94 төгрөгөөр тус тус баталлаа. Мөн аймгийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн 2018 оны төсөвт урьд оны үлдэгдэл нэмж батлах тухай” 38 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт “Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 01 дүгээр хавсралтаар, мөн тогтоолын 03 дугаар хавсралт “Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 02 дугаар хавсралтаар шинэчлэн батлахаар тогтоов.
Мөн хурлаар аймгийн ИТХ-ын 2009 оны 20 дугаар тогтоол, 2017 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн ашиглалтыг сайжруулах асуудлыг судлах зорилго бүхий ажлын хэсгийн явц байдлын талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Ч.Жаргалсайханы танилцуулгыг сонслоо. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, аймаг, сум орон нутагтай хамтран ажиллаж буй байдлыг шалган танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт мэдээллийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Сайнжаргал танилцууллаа.
Ч.Отгонцэцэг

相关新闻