Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлэг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-03 11:15:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Гол, усны осол нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орох зэргээс шалтгаалан гарч байгаа бөгөөд голын усанд амь насаа алдах явдал гарсаар байгаа ажээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Тухайлбал агаарын хэт халалт болж байгаатай холбогдуулан иргэд гол, нуур, цөөрөм /тогтонги/-ийн усанд орох, эрэг дагуу амрах, аялж зугаалж явахдаа гол усанд орж осолдох, амь насаа алдахаас сэрэмжлүүлээд аливаа ослын талаар цаг алдалгүй 7036-101, 7036-102 /94447102/ дугаарын утсанд мэдэгдэхийг хүсчээ. Түүнчлэн уг сэрэмжлүүлэгт, 
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, найз нөхөд, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, гол усны эргээс хол байрлах
-Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх.
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих.
-Насанд хүрээгүй хүүхдийг гол усны эрэг дагуу явуулах, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна гэсэн байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻