Бог мал үхсэн оготноор хооллож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-29 11:42:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар зуншлага муу, газар нутгийн 30 орчим хувьд мал бэлчээрлэх боломжгүй болсон. Баруун болон баруун урд, хойд хэсгээр хамгийн их гантай байгаа бөгөөд тус хавийн газар нутгийн мал идэх өвсгүйдэж, үхсэн оготно идэж байна. Тэр ч байтугай оготно идсэнээсээ болж өөрсдөө хордож үхэх тохиолдол гарах болжээ.

Энэ талаар Уулбgян сумын засаг дарга Д.Шижирбаатар, “Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Сумын хэмжээнд ногоон туяатай ч газар алга. Шороо тоос нь манарсан, цав цагаан газар байна. Сумын газар нутгийн 95 хувь нь гандсан. Нэг худгаас 35 малчин өрхийн хүн, мал ундаалж байна. Сүүлийн үед аргаа барсандаа бог мал үхсэн оготно идэж, үүндээ хордож үхэх боллоо. Ганц манай сум биш өөр суманд ч айлын идсэн малын гэдэснээс үхсэн оготно гарсан тухай яриа гарсан. Бодит байдал ийм л байна. Малчид оторт явъя гэсэн ч мал хөлөөрөө явах ямар ч тэнхэлгүй болсон. Энэ чигээрээ 7-10 хоноход юу болохыг хэлж мэдэхгүй байна. Малчид, ард иргэд бороо харсаар үнэндээ цөхрөнгөө барлаа.” гэв.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас өгсөн мэдээгээр Эрдэнэцагаан, Мөнххаан, Дарьганга сумдад ургамлын гарц, бэлчээрийн байдал хэвийн гэж байгаа ч тус сумдыг зорих оторчдын нүүдэл эрс ихэссэн. Улаан гантай байгаа сумдыг бодвол дээр хэдий ч газар дээрээ нөхцөл байдал мөн л хүнд байгааг тэд ярилаа. Тиймээс эдгээр сумдад дээрх сум шиг байдал үүсч болзошгүй байгааг сумдын удирдлагууд анхааруулж байна.
Т.Одончимэг
相关新闻