“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Д.Сүхбаатарын одонгоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын нээлтийн ёслол бүх ажилчдын “Бид Эрдэнэсийн эзэд” жагсаалаар эхэллээ. Үүний дараа тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ажилчид болон Орхон аймгийн иргэдэд хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр бол гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн үр ашигтай, Монгол орны онцлогт тохируулан хэрэгжүүлсэн үлгэр дууриал юм. Уурхайчин бидэнд цаашид хийх ажил их байна. Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс үйлдвэрийн 15 жилийн төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд БЕЛАЗ болон баяжуулах процессын тоног төхөрөөмжийн шинэчлэлийг хийж чадлаа. Энэ боломжийг олгосон хувьцаа эзэмшигчид, ТУЗ-дөө гүн талархал илэрхийлье” гэсэн юм.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг Д.Сүхбаатарын одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол Улсын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжил, дэвшил болон уул уурхайн боловсруулах салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, шинэ чадамж гаргахад оруулсан Эрдэнэт үйлдвэрийн үе, үеийн ажилтан, албан хаагчид, уурхайчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Эрдэнэт үйлдвэрийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасугай" гэсэн байна. Ингэснээр төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт үйлдвэр боллоо.
Наадмын баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү, Я.Санжмятав, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жилийн хугацаанд улсын төсөвт 5.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК өнгөрсөн онд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байна гэсэн үг юм. Иймд өнгөрсөн онд ажилтнуудынхаа цалинг хоёр дахин, энэ онд 15 хувиар нэмжээ. Мөн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт ажилчиддаа ажилласан жилээс нь хамаарч 1-3 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
Тус үйлдвэр сүүлийн жилүүдэд хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүнд цаашид 60 жил тогтвортой ажиллах боломжтой гэдгээ баярын арга хэмжээнийхээ үеэр зарлалаа. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит “Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхт 40 жилийн хугацаандаа улс болон орон нутгийн төсөвт 5.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Геологи, хайгуулын ангийн Өрмийн инженер Ч.Цэвэлдорж ярихдаа “Би Эрдэнэт үйлдвэрт 16 дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрийн маань 40 жилийн ойн баяр өргөн дэлгэр, сайхан болж байна. Манай Геологи хайгуулын анги энэ үйлдвэрийн анхны шанг татсан. Нийт хамт олондоо баяр хүргэе” гэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ









