Д.Оюун-Эрдэнэ:Насанд хүрсэн ч залруулж болдоггүй зуршил бол буруу хооллолт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-21 15:31:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийнхан хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүд буюу сахиуруудад "Хоолыг эм мэт хүрт, эс бөгөөс эмийг хоол мэт хүртэхэд хүрнэ" уриан дор хүүхдийн зөв хооллолтын сургалтыг хийжээ. Өнөөдрийн байдлаар тус тасагт 30 шахам хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
"Эрүүл мэндээ дээдлэгч хамт олон" уралдааны хүрээнд хийсэн тус сургалтын хүрээнд амин дэм, эрдэс бодисоор баялаг, олдоцтой, өртөг багатай, гарын дорх бүтээгдэхүүнийг зөв сонгож, давс сахар, өөх тосыг хязгаарласан хоол хүнс бэлдэх аргыг зааж сургах, амтлуулах өдөрлөгийг хийсэн байна. Мөн үеэр зохистой хоолны жор бүхий гарын авлагыг тараажээ.
Бага насны хүүхдийн хоолонд үр тариан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү цагааан идээ, жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөв. 
"Хүн амын дунд тураал, цус багадалт, ясны сийрэгжилт, элдэв бодисын дутал, халдварт болон халдварт бус архаг өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт болон хоол боловсруулах замын олон өвчин элбэг байгааг холбогдох байгууллагын судалгаанаас харж болно. Энэ бүхэн зохистой хооллолтын боловсролыг нялх, бага насанд нь суулгаж өгөөгүйтэй холбоотой" болохыг Хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ хэлж байна.
Мөн насанд хүрсэн хойно ч залруулж болдоггүй нэгэн буруу зуршил бол хоолоо зөв, сайн зажилж иддэггүй зуршил байдаг байна. Хүүхэд нэмэгдэл хоол иддэг болох үеэс нь тэдэнд хоолоо хоёр талаараа ээлжлэн олон удаа, сайн зажилж иддэг хэвшлийг эзэмшүүлэх шаардлагатай байдаг тул хоолоо идэх гэж түүртэн удаж байхад нь хүүхдээ яаруулах хэрэггүй гэв.
Хүүхдийг хоолоо зөв, сайн зажилж идүүлж сургах нь эрүүл шүдтэй болох, эрүүний цусан хангамж сайжирч шүд зөв ургах, хацар, нүүрний булчин чангарч нүүрний булчин тэнцвэртэй хөгжих, хоол боловсролт, шингэц сайн болдог байна. Мөн тархины цусан хангамж сайжирч, сайн зажилж идэхэд цадах мэдрэмж эрт төрдөгөөс хэт идэх, таргалахаас сэргийлэх, сайн зажлахад шүлс сайн ялгарч амны өндийд явагдах хоолны анхны боловсруулалт сайжирдаг аж.
Мөн мэргэжилтнүүд хэлэхдээ "Эцэг, эхчүүдийн дунд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, угааж цэвэрлээгүй хүнсний ногоо, хоносон хоол өгөх, хүүхдийг хооллох үед цай шингэн зүйл уулгах, илчлэг ба тэжээллэг чанар багатай, хэт шингэн хоол хүнсээр хүүхдийг хооллох буруу дадал ихэвчлэн байдаг"-ийг анхаарууллаа.
                                                                                                                         Б.Мөнхзул
相关新闻