Сэлэнгэ аймагт сэтгэцийн өвчлөл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-21 12:40:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын бүрдмэл магадлал Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тус комиссын бүрдмэл магадлал энэ сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд долоо хоног үргэлжлэх аж.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын бүрдмэл магадлал нь Сэлэнгэ аймагт байгаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, хувь хугацааг дахин магадлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой ажиллаж байгаа аж. Тус багийн бүрэлдэхүүнд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга, магадлагч эмч нар, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд хамтран ажиллаж байна. Энэ удаагийн бүрдмэл магадлалаар хөдөлмөрийн чадвараа алдсан 1100 орчим иргэдийн магадлалыг нягталжээ.
Энэ талаар НДЕГ-ын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын магадлагч эмч Ц.Гансүх “Бид ЭМЯ-ны дэргэдэх мэдрэл, гэмтэл, сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Сэлэнгэ аймагт сэтгэцийн өвчлөл маш өндөр байгаатай холбогдуулан энэ удаа сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөл болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын сэтгэцийн мэргэжлийн шинжээч эмч гэсэн хоёр эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бид нягталсан 1100 иргэдээсээ сэтгэцийн өвчтэй 600 гаруй хүнийг бүрдмэл магадлалд хамруулахаар төлөвлөгөөндөө тусгаад байна хэмээлээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 3000 гаруй иргэд хөдөлмөр магадлалд хамрагддаг ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻