Цагааннуур суманд камержуулалтын ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-21 12:37:41
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум газар тариалангийн элит гэгддэгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа олны анхаарлын төвд байж, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Цагааннуур сум энэ удаа сумын 2, 3-р багийн автозамын дагуу камержуулах ажлыг хийсэн байна.
Сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдсэн эл ажил 17 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд “Хайятек” ХХК шалгаран гүйцэтгэжээ. Энэхүү ажлын үр дүнд авто замын дагуу эргэдэг нэг, бусад чиглэлд найман ширхэг камер суурилуулсан байна. Камерын ерөнхий хяналтыг сумын цагдаагийн байгууллага хариуцах аж.
Сүүлийн жилүүдэд тус сумын удирдлагууд сумынхаа хөгжил дэвшлийн төлөө нэлээд хөрөнгө оруулалтуудыг хийгээд байгаа гэнэ. Тухайлбал 2016 онд тус сум жишиг сум төслийн хүрээнд сумынхаа дэд бүтцийг сайжруулж, төрийн алба хаагчиддаа зориулсан төвлөрсөн халаалттай 5 давхар нийтийн байр ашиглалтад өгсөн гээд олон бүтээн байгуулалт хийгдсэн байна. Эдгээр ажлуудын үргэлжлэл болж энэхүү камержуулалтыг энэ удаа хийжээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻