Шилмэл хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагаас авч ашигладаг тогтолцоо бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-20 18:43:14

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт Хөдөө Аж ахуйн маркетинг төсөл хэрэгжсэнээр малчид шилмэл хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг тогтолцоо бүрдэж, улмаар малын чанар сайжирч, малчдын орлого нэмэгджээ.
Тухайлбал тус төслийн хүрээнд мал эмнэлгийн ажил үйлчилгээнд шаардлагатай, малын эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан 55 нэр төрлийн багаж хэрэгслийг Завхан аймагт нийлүүлжээ. Мөн төсөлд хамрагдсан сумдын бог малын чанар сайжирч, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо хэвийн хэмжээнд хүрсэн байна. Энэ жил Завхан аймгийн цөм сүргийн нийт малаас Сартуул үүлдрийн хонь, Завхан буурал үүлдрийн ямаа 514.2 мянган толгойд хүрч өсчээ. Энэ мэтээр төслийн үр дүнд малчид шилмэл хээлтүүлэгчийг дам яриа, ухуулгаар энд тэндээс авахгүйгээр зөвхөн мэргэжлийн байгууллагаас гэрээ, түрээсээр авч ашигладаг болсон байна. Мөн малын чанар сайжирсанаар худалдан авалт илүү болж малчдын орлого нэмэгджээ.
Дашрамд дуулгахад Завхан аймагт 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд ХАА-н салбарт бодит үр дүнгээ өгсөн олон томоохон ажлууд хийгдээд байгаа ажээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 38 дэд төсөл хэрэгжиж, 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Завханд хийгджээ. Мөн төслийн хүрээнд Завханы 11 сумын малын эмч нар мотоцикльтой болсон тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн


相关新闻