Тээврийн хэрэгслийн улсын дугаар буруу байрлуулсан зөрчил ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-20 16:53:17
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас энэ сарын 4-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, бүртгэл нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллажээ.
Тус тасгаас зохион байгуулсан эл 14 хоногийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар бүдгэрсэн, арилсан, буруу байрлуулсан зэрэг бүртгэлийн зөрчлүүд нэлээд илэрчээ. Нийт 135 зөрчил илэрсэн бөгөөд дээрх жолооч нарт арга хэмжээ авч анхааруулга өгсөн байна. Сүүлийн үед жолооч нар камерт өртөхгүй байх шалтгаанаар дугаарыг унжуулах, хазайлгах зэргээр буруу байрлуулах үйлдэлийг ихээхэн гаргадаг болсон гэнэ. Мөн Сүхбаатар сумын иргэдийн дунд дугуй сонирхогчид нэмэгдэж, дугуй унан замын хөдөлгөөнд оролцох явдал ихэсчээ. Энэ нь нэг талдаа биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх алхам хэдий ч нөгөө талдаа замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс зам дээр хэрж явах, замыг бүтэн эзэлж явах зэрэг зөрчил гаргаж байгаа аж. Энэ нь хөдөлгөөний нягтрал ихтэй үед осол гэмтэлд өртөх шалтгаан болдог байна. Иймээс дугуй унаж байгаа иргэд өөрсдөдөө холбогдолтой замын хөдөлгөөний дүрмээ судалж, цаашлаад унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл ойлгогч хэрэглэж байхыг аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. 
Ч.Отгонцэцэг
相关新闻