Сэлэнгэ аймгийн улсын архивын хадгалах өрөөний багтаамж хүрэлцэхээ больжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-20 11:35:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст сард 14 мянган хуудас цаасан, баримт хадгалагдан архивлагдаж үлддэг байна. Энэ нь архивын багтаамж, нөхцөл байдал хүндрэхэд ихээхэн нөлөөлж байгаа аж. Энэ тухайгаа тус хэлтсийн хамт олон аймгийн ИТХ-ын тэргүүүлэгчдэд хандан шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа зарим хэлтэс, албадын үйл ажиллагаа, ажил байдалтай нь ээлжлэн танилцаж байна. Энэ удаа буюу энэ сарын 18-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж ажиллах үеэр дээрх тулгамдсан асуудлыг хөндсөн байна. 
Энэ онд тус хэлтсээс иргэний улсын бүртгэлийн чиглэлээр нийт 4503 бүртгэлд хяналт тавин ажиллажээ. Тухайлбал иргэний бүртгэлийн зөрчлөө арилгуулах, регистрийн дугаар өөрчлүүлэх, хугацаа хожимдсон төрөлтийн бүртгэлд бүртгүүлэх талаар хүсэлт гаргасан 85 иргэний өргөдөл, хүсэлт, албан бичгийг хүлээн авчээ. Эдгээрт улсын байцаагчийн 40 дүгнэлт үйлдэж, Ерөнхий газартаа цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн байна. Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр газар өмчлөлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэлийн 8659 хувийн хэрэг, барьцааны 3078 гэрээ, хэлцэлд байнгын хяналт тавьж ажиллажээ. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр нийт 220 бүртгэлд хяналт тавьж, илэрсэн 9 зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээг улсын бүртгэгчтэй хамтран авч хэрэгжүүлсэн аж. Мөн “Зөрчлийн тухай” болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зөрчлийн талаарх 675 мэдээллийг хүлээн авснаас 391 мэдээлэлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 10 гаруй сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Энд 284 мэдээллийг зөрчлийн шинжгүй болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүлээн авахаас татгалзан буцаажээ.
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг аймгийн хэмжээнд эрхлэн хөтлөх. Мөн мэдээллийн нэгдсэн сангийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үнэн бодит төрийн ой санамжийг бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг ажээ. Тус хэлтэс нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт харъяалагддаг юм байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻