Эко Завхан аян үр дүнтэй үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт дөрөвдүгээр сараас эхлэн он дуустал "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. Энэ аяны хүрээнд аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхитэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 86 байгууллага, сум 70 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа сошиал орчинд мэдээлжээ.
Мөн сум бүр, байгууллага бүр, иргэд хувийн нүүр номоороо дамжуулан хоггүй байх уриалгыг гаргаж өөрсдийн гар бие оролцож хог цэвэрлэж, ачуулж, буй зураг мэдээллийг олон нийтэд сурталчилж уриалж буй нь аяныг илүү үр дүнтэй олон нийтийг хамруулсан ажил болгож байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Эко Завхан аяныг Завхан аймгийн ЗДТГ-аас Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого“-ийн 2.2.2, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр“-ийн 2.2.5, Завхан аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.3 дахь зорилтуудыг үндэслэн зохион байгуулж байгаа аж. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд сум, байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг татан оролцуулж урамшуулах юм байна.
Аяны хүрээнд долоо хоног бүрийн тав дахь өдөр, амралтын өдрүүдээр байгууллага бүр өөрсдийн хариуцсан газар, талбайн хог хаягдлыг цэвэрлэж ачуулж байгаа юм байна. Байгаль орчин маань бидэнд үзэгдэж харагдахуйцаар маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт хүний үйл ажиллагаанаас шалтгаалж, улмаар цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм бохирдож хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Тиймээс хүн бүр өөрийн экологийн ул мөрөө багасгаж хоггүй эрүүл орчинд амьдрах хойч үедээ эрүүл, аюулгүй, байгалийг үлдээх нь үүрэг болоод буйг ухаарах нь зүйтэй гэдгийг нийт иргэддээ уриалж байгаагаа аяныг санаачлагчид хэллээ.
Б.Мягмарсүрэн