Мал амьтны шилжилт хөдөлгөөний хязгаарлалт үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг даргын мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай өнгөрсөн тавдугаар сард гаргасан захирамж хүчинтэй хэвээр байна. Уг захирамжид сум, шаардлагатай байгууллагын удирдлагуудад мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулж малчид мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж эрсдэл гаргахгүй ажиллахыг үүрэг болгосон юм.
Өнөөдрийн байдлаар Завхан, Архангай аймгийн хилийн заагт байрлах Солонготын даваа, Завханы Ганцын даваа болон аймгийн төвөөс орж гарах хоёр пост, сум бүрт иргэдийн мэдээллийн дагуу эргүүл шалгалтыг хийж байгаа ажээ. Мөн аймгийн нэгдсэн facebook групп болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдан удмын морь зарах болон, мал ачуулах, худалдах зар гарсантай холбоотой аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Цагдаагийн газраас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр иргэдийг малын гоц халдварт өвчин бүхий голомттой аймгаас морь, хээлтүүлэгч мал, үхэр худалдаж авахгүй байх. Сум бүртээ гаднаас ирж буй малд хяналт тавих, сэрэмжтэй байх, шаардлагатай тохиолдолд аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Цагдаагийн газарт яаралтай дуудлага өгөх, хэрэв энэ талын мэдээллийг санаатай нуун дарагдуулсан болон зориудаар мал амьтан оруулж ирсэн тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага бийг сануулжээ. Мөн зарим сумын малчин гаднаас мал авчирч байгаад малчид дургүйцэж байна.
Түүнчлэн иргэд аймагтаа бүсийн уралдааныг зохион байгуулахгүй байх, зарим аймгаас гандуу байгаатай холбоотой Завханы нутагт зусаж байгаад хяналт тавихыг албаныхнаас хүсч байгаа тухай хэлэв. Учир нь өнгөрсөн 2017 онд Завхан аймгийн Цагаанхайрхан, Тэлмэн суманд малын шүлхий өвчин гарсан нь гадна аймгаас тээвэрлэж ирсэн малаас илэрсэн юм. Аймгийн холбогдох байгууллагууд тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч тухайн бүс нутгийн үндсэн малд тархаалгүйгээр устгал хийж ариутгажээ. Түүнээс хойш Завхан аймгийн нутаг дэвсгэр дээр малын халдварт өвчин гараагүй байна. Хяналтын пост буусан тухай ташаа мэдээллийг иргэдэд өгч байгаа учир дахин сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна хэмээн хэвлэлийн хурал дээр мэдээллээ.
Б.Мягмарсүрэн