Алдагдалтай тайлан гаргадаг аж ахуйн нэгжийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-16 11:51:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд 31557 татвар төлөгчид байдаг бөгөөд 1375 аж ахуйн нэгж, 166 төсөвт болон төрийн бус байгууллага, 30016 иргэн байна. 2017 онд “Х” болон алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгжийн тоо өмнөх оноос 16,4 хувиар өссөн дүн гарчээ.
-“Х“ болон алдагдалтай тайлангийн нийт тайланд эзлэх хувь 2014 онд 14,2 хувь болон буурч , 2015-2017 онд 24,5-29,7 хувь болж тус тус өссөн байна. Татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо жил бүр нэмэгдэхийн хирээр “Х” болон алдагдалтай тайлан гаргаж буй аж ахуйн нэгжийн тоо   өссөн үзүүлэлт харагдаж байна.
 Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн, үйл ажиллагаа явуулсан ч санхүүгийн тайланд орлого зарлагыг үнэн зөв тайлагнадаггүй, удирдлага нь мэргэжлийн нягтлан бодогч ажиллуулалгүй өөрөө санхүүгийн тайлан гаргадагтай холбоотой.
Мөн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг тулган баталгаажуулдаггүй учраас алдагдалтай тайлан гаргах нэг нөхцөл болж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн С.Тогтохсүрэн хэллээ.
Тус аймагт  өнгөрсөн оны эцсийн байдлаар цахим санд  бүртгэлтэй, санхүүгийн тайлан ирүүлэх 940 аж ахуйн нэгжээс 880 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэн дүгнэлт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6,7 хувиар өсчээ.
Санхүүгийн тайлан хүлээн авах хуулийн хугацаанд 60 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.
М.Батжаргал

相关新闻