Сэлэнгийн Цусны салбар 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-15 14:24:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Дэлхийн цусны донорын өдрийг “Цусаа бэлэглэж, бусдад амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэж байна.
Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг  олгодог эл өдөр жилдээ ганцхан тохиодог юм. Энэ өдрийг дэлхий нийтээр 2004  оноос эхлэн тэмдэглэж иржээ.
Аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг мэдэрч, сайн дурын авлагагүй донорын ач тусыг ойлгож, донорын талаарх мэдлэг хандлага наашилж байгаатай холбоотойгоор Дэлхийн цусны донорын өдрийн үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд өсөн, дэмжигч, хандивлагч, ивээн тэтгэгч байгууллагууд нэмэгдэж  байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн тухайд донорын хөдөлгөөнийг дэмжигч байгууллагуудаар “Урсгал ус” ОНӨААТҮГ, ХЦ-ийн 0243-р анги, ОБГ, аймгийн НЭ, Алтанбулаг сумын ЭМТөв зэрэг байгууллагууд тодорлоо. Баярын энэ өдрөөр хүний алтан амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ  амин чухал үүрэгтэй болохыг  олон нийтэд ухамсарлуулах, мөн тогтмол, авлагагүй, сайн дурын цусны донор болох хүслийг төрүүлэх, улмаар улс орны хэрэгцээг хангахуйц цусны нөөцийг бүрдүүлэх  баталгаа болох тухай мэдээллийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ болсон юм. Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон  төрөлхийн цусны өвчний үед өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл болдог байна.

Иймд аюулгүй, найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх, цус хэрэгтэй байгаа хэн нэгний алтан амийг аврахад Монгол Улсын иргэн бүрийн сэтгэл, үүрэг, оролцоо чухал гэдгийг баярын энэ өдөр онцолж байв. Баярын энэ өдрөөр 32 удаа 12.2 л цус авлагагүйгээр бэлэглэсэн С.Оюунсолонго хүндэт донорын цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Мөн Хүндэт донор медалиар С.Оюунсолонго, Б.Мөнхцэцэг, Энэрэл алтан медалиар Г.Мөнхбаатар, Энэрэнгүй үйлстэн одонгоор Л.Отгонжаргал, Нигүүлсэл алтан медалиар Ч.Нарангэрэл, С.Ганцоож, Н.Гантөмөр, У.Ууган-Эрдэнэ, Д.Цолмон нар шагнууллаа.
Сэлэнгэ аймгийн Цусны салбарын тоног төхөөрөмж жилээс жилд сайжирч, 2017 онд дөрвөн төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ 2018 онд 10 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Он гарсаар өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн цусны салбарт 124 донор 62 л цус бэлэглэсэн байна. Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 446 донор байдгаас 28 нь хүндэт, 279 нь идэвхитэй донор байгаа ажээ. 
Цус сэлбэлтийн сайн дурын донорт суурилсан улс орны тоо 2002 онд 39  байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна.
Аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон эл үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн НЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч н.Цэрэнтогтох, аймгийн Цусны тасгийн эрхлэгч Ж.Батцэрэн нар хүндэт доноруудынхаа хамтаар оролцлоо. 
Ч.Отгонцэцэг
相关新闻