Н.Бат-Эрдэнэ: Багийн эмчийн унааны зардал сард 10000 төгрөг байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-14 21:45:44
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Бат-Эрдэнэтэй уулзаж эрүүл мэндийн үйлчилгээний талаар тодрууллаа.
- Сумын хүн эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн дүгнэж байна вэ?
- Манай сум 20 ортой сум дундын эмнэлэгтэй. Ер нь эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцдэггүй. Дээрээс нь төсөв мөнгө бага, хүндрэлтэй өвчтөн гарахад сардаа өгдөг төсөв нь хүрэлцдэггүй. Суманд хоёр эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг. Нэг нь эмийн эргэлтийн сан байсан. Өнгөрсөн жил хувьчлагдсан. Иргэдээс эмийн үнэ өндөр байна гэдэг асуудал байнга гарч байгаа.
- Эмч мэргэжилтний хангамж ямар байна вэ?
- Манай сум 5000 гаруй хүн амтай.  Сум дундын эмнэлгийн хувьд эмч нарын хүрэлцээ муу байгаа. Одоогоор долоон эмч ажиллаж байна. Стандартаараа ажиллана гэвэл дахиад гурван эмч хэрэгтэй байна. Хүүхдийн эмч, мэс засал, рентгений их эмч шаардлагатай байгаа. Нөөц бололцоогоо ашиглаад хүүхдийн их эмчийг сургаад явж байна.
- Эмч нар хөдөөгийн иргэдэд яаж үйлчилж байна вэ?
- Эмч нар хуваарийн дагуу баг тойрч ажилладаг. Дээр нь сум дундын эмнэлэг сум орон нутгийн төр, захиргааны байгууллага, бусад байгууллагуудтай хамтраад хөдөөгийн багт ажилладаг.
Саяхан Тээл багт ажилласан. Улиралд нэг удаа бүх багт ажиллаж байна. Одоогийн байгаа боломж бололцоо ийм л байгаа.
- Багийн эмч нарт унааны зардлыг хэрхэн тооцож өгдөг вэ?
- Нэг эмчийн багаа тойрч ажиллах шатахууны зардал нь сардаа 10000 төгрөг л байдаг.
М.Батжаргал

相关新闻