Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт 70 гаруй оюутан хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-13 13:35:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн  Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 70 гаруй оюутан хамрагдах боломжтой.
Тус аймагт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр сурах, сурч байгаа оюутан залууст сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, аймагтаа хэрэгцээт боловсон хүчин бэлтгэх зорилгоор энэхүү хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг жил бүр зарлан шалгарсан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь төлдөг билээ. Энэ жилийн хувьд дуу хөгжмийн, бүжгийн, математикийн, сургуулийн өмнөх боловсролын, тусгай хэрэгцээт боловсролын багш нар дутагдалтай байгаа учраас энэ мэргэжлээр сурч байгаа болон сурах оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Мөн малын эмч, хүний эмч, сувилагч, агрономч зэрэг чиглэлээр сурч буй хүүхдүүдэд тэтгэлэгт хамрагдан сургуулиа дүүргээд эргэж нутагтаа ирж ажиллах боломжийг нээж өгнө. Тухайн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оюутанууд зөвхөн Өмнөговь аймгийнх байх бөгөөд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад сурч байгаа болон сурахаар эрх авсан байх шаардлагатай юм. Мөн өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх, суралцагчийн голч дүн 2,8-аас дээш байх хэрэгтэй аж. Өнгөрсөн жил энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 82 оюутан хамрагдсан юм. 
Д.Мишигсүрэн
相关新闻