Булган, Дэлүүн сумынхан радиогийн нэвтрүүлгийг сонсож чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 15:23:46

Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумын иргэд үндэсний радиогийн нэвтрүүлгийг сонсож чадахгүй байгаа талаар гомдол мэдүүлдэг болов.

Тэд хоёр жилийн өмнө шинэ техник тоног төхөөрөмж суурилууллаа, одоо радиогийн сонсгол сайжирна гэсэн нь яасан бэ, энэ ямар учиртай юм бэ? гэж асуугаад байна. Тус аймгийн радио телевизийн сүлжээний газрын дарга Н.Дидар уг асуултанд ийнхүү хариулт өглөө.

-Бид 1965 онд Чех улсаас байгуулж өгсөн 60 квт-ын хуучин төхөөрөмжийн оронд  Германаас оруулж ирсэн 150 квт-ын станцыг суурилуулсан нь үнэн. Гэтэл хуучин станцын цамхагийг өөрчлөн шинэ станцад тохируулж амжаагүйн улмаас энэ станцын хүчин чадлын талыг нь л ашиглаж байгаагаас ийм бэрхшээл учирч байна. Цамхагийг өөрчлөх төсөл хэрэгжсэн цагт бид радио нэвтрүүлгийг дөрвөн зуу гаруй км-ийн зайнд цацах болно. Телевиз тоон системд шилжлээ. 2017 оноос радио тоон системд шилжих тул радио сонсогчид одооноос эхлэн тоон системд тохирсон хүлээн авагчтай болох хэрэгтэй гэв.     

                               Ш.Айзаря

 

相关新闻