Цэцийн дүгнэлтийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
УИХ энэ оны долдугаар сарын 2-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна. Уг зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц 15 дугаар дүгнэлт гаргасан юм.
Харин Хууль зүйн байнгын хороо дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Ганхуяг, З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр, Д.Оюунхорол, Д.Арвин нар асуулт асууж, мөн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг судлан үзэх шаардлагын улмаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч байгааг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулж, тав хоногийн завсарлага өгсөн юм.
Н.Туяа