ЭМС-ын сайдад нэр дэвшигчийг Ерөнхий сайд хүлээж авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-03 14:32:07

Эрүүл мэнд, спортын сайдад УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс нэр дэвшсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. 

Эрүүл мэнд, спортын өмнөх сайд Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дараа уг албан тушаалд нэр дэвшигчийг тодруулалгүй хүлээлгэж байсан. Харин өнгөрөгч 11 дүгээр сарын 29-нд МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, саналаа Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн юм.

Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдэн албан бичгээр хариу илгээсэн байна. Тэрбээр албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Лхамсүрэнгийн Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Мөн шинээр нэр дэвшүүлэх хүний талаарх саналаа яаралтай ирүүлэхийг сануулсан байна. 

Н.Туяа

相关新闻