Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөлгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-05 23:40:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөлгөөн энэ сарын 04-ний өдөр Сүхбаатар хотод боллоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтран зохион байгуулж буй уг зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ш.Оргил, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗГ-ын дэд дарга Б.Халиун, Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчдийн аймгийн зөвлөлгөөнд оролцогсдод аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Г.Бямбаа үүрэг чиглэл өгсөн юм. Тэрээр, “Хэдхэн хоногийн өмнө бид Хүүхдийн баярын арга хэмжээг аймаг, сумандаа тэмдэглэн өнгөрүүллээ. Амжилт бүтээл гаргасан алдрай бяцхан хүүхдүүдээ баярлуулж, урамшуулах нь зөв хэдий ч тэр баярыг тэмдэглэж үзээгүй, оролцож чадахгүй байгаа зорилтот бүлэгтээ та бид хүрч ажиллах хэрэгтэй. Хойч үеэ хоёр хэсэгт хуваачихаад анхаарал, халамжаа хандуулах шаардлагатай байгаа хэсэгтээ хүрч үйлчилж чадаж байна уу? гэдгийг бид бодох цаг болсон. Хамтарсан багийн ажлаа олон нийтэд хүргэх, орон нутагтаа тулгарч байгаа асуудалд хамтарч ажиллах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг олж илрүүлэх, таслан зогсоох, сумдууд энэ асуудлаар мэдээллийн сантай болох хэрэгтэй. Аль ч шатны Засаг даргын анхаарлын төвд байх нэг асуудал бол “хүүхэд” юм. Аймгийн болон сургуулиудын “эцэг эхийн зөвлөл” мөн чанартаа нэр шигээ ажиллаж чадаж байна уу? Тэднийг бага, дунд, ахлах ангийн хонхны баяр зохион байгуулахаас өөрөөр хэрхэн ажиллуулж болох вэ гэдэгт анхаарч, сэдэлжүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг түгээн дэлгэрүүлж ажиллахыг та бүгдээс хүсье” хэмээсэн юм.
Зөвлөлгөөний нээлтэд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ш.Оргил 2017 онд Сант суманд төрсөн гурван ихэр хүүхдэд баярын бэлгийг нь дамжууллаа. Мөн Сүхбаатар, Жавхлант сумдын гурван ихрүүдэд баярын бэлэг гардуулан өгсөн юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻