Дорнод аймагт 1028 гадаад иргэн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-04 11:42:20
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 1028 гадаадын иргэн оршин сууж байна гэж Гадаадын иргэн харьяатын албанаас мэдээлэв. Үүний 680 нь Петро Чайна Дачин тамсаг ХХК-д, 90 нь Шинь шинь ХХК-д ажиллаж байгаа юм.
Орон нутагт, тэр дундаа Дорнодод хятад иргэд дураараа хөлхөлдөж, мал маллаж байна гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд шуугиан тарьсан. Тухайлбал, Мэнэнгийн талд хятад иргэн хонь хариулж яваа бичлэг цахим ертөнцөд тархсан нь олон нийтийн итгэл үнэмшлийг улам лавшруулж, дургүйцлийг төрүүлсэн гэхэд болно. Үүнтэй холбогдуулан тус аймаг дахь Гадаадын иргэн харьяатын албанаас Петро Чайна Дачин тамсаг компанийн 21-р талбайд шалгалт хийжээ.
Шалгалтын тайланд дурдсанаар,  21-р талбайд жолоочоор ажилладаг Халхгол сумын иргэн Амартайван гэх залуу цөөн хэдэн бог малаа ангийнхаа хашаанд өвөлжүүлээд дулаан ормогц айлд тавихаар тууж явах үедээ хамт ажилладаг Си-дээ түр харуулж үлдээсэн гэжээ.
Хятад иргэн Си нь тус талбайн Угсралтын ангид тогоочоор ажилладаг, хонь тууж явах үед нь нэвтрүүлгийн багийнхан таарч хэл нэвтрэлцэхгүй байсан учир хүнтэй утсаар яриулж ойлголцохыг хүссэн ч бичлэг хийгээд хөдөлсөн гэж тайлбарлав. 
Хятад иргэн Си-гийн хувьд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гадаад иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосны дагуу Гадаадын иргэн харьяатын албанаас энэ оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсад оршин суухаар зөвшөөрөлтэй юм байна.
Д.Дэлгэрмаа
相关新闻