Шагнал, бэлэг, өглөг буян хосолсон өдөр болж өнгөрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-01 23:11:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жилдээ ганц тохиох хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрөөр сурлага хөдөлмөр, урлаг, спортоор өндөр амжилт гаргасан 24 хүүхдэд 2018 оны "Шилдэг хүүхэд" өргөмжлөл, төрөл бүрийн амттаны цуглуулга баярын бэлгийн хамт гардуулан өглөө.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас олгодог "Шилдэг хүүхэд" цол тэмдгийг Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч, дэлхийн бяцхан мисс 3а ангийн сурагч Д.Хосзул, дэлхийн жию жицү тэмцээний мөнгөн медальт 6а ангийн сурагч Б.Шинэтулга, мөн тус тэмцээний хүрэл медальт 5а ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, биологийн улсын олимпиадын хүрэл медальт 9б ангийн сурагч Т.Халиун, Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн 10в ангийн сурагч, дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Номиндалай, мөн сургуулийн 6а ангийн Т.Цэнгүүн, 5в ангийн О.Тэргэл, Сүхбаатар сумын 6-р сургуулийн 5а ангийн З.Содбилэг, Спортын бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч Д.Анужин, н.Алтангэрэл, Б.Мөнгөншагай, 6а ангийн С.Цогбадрах нар хүртлээ.
Мөн энэ өдөр авьяаслаг хүүхдүүдийн дуу хуурын цэнгүүнээс гадна "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор дугуйт тэшүүр, унадаг дугуйн уралдаануудыг тус тус зохион байгууллаа. Энэ мэт урлаг, спортын арга хэмжээнээс гадна хүмүүнлэгийн тусламж үйлчилгээнүүд явагдаж, нэгэн гэр бүлд аз жаргал бэлэглэсэн үйл явдлууд шилээ даран өрнөлөө. Тухайлбал Алтанбулаг сумын ЗДТГ-аас "Олны хүч оломгүй далай" сайн үйлсийн аян өрнүүлж, Бүргэдэй 1-р багийн иргэн Ч.Наранцэцэгийг эх үрсийн баярын өдрөөр шинэ байшинтай болголоо. Мөн  Сүхбаатар сумын 2-р багийн иргэн С.Норовбадамын гэр бүлд аймгийн Засаг дарга Ш.Оргил өргөө цагаан гэр гардуулан өглөө. Түүнчлэн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар сумын оёдолчдын холбоотой хамтран сумынхаа 8 багийн 16 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг болгон үндэсний буюу спортын хувцас оёж бэлэглэлээ. Мөн Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Ц.Анударь, Ерөө сумын сурагч Э.Энхсувд нарт Хаан банкны оюутны тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдсан батламжийг Хаан банкны Сэлэнгэ салбарын захирал О.Дамдинпүрэв гардуулан өгч, баяр дээр нь баяр нэмлээ.
Сэлэнгэ аймагт өргөн дэлгэр тэмдэглэсэн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Засаг даргын орлогч дарга Ж.Сайнцог, Б.Нарантуяа, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, сумын Засаг даргын орлогч дарга С.Чойсүрэн, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э.Нандин-Эрдэнэ нар оролцож бяцхан иргэддээ баяр хүргэж, шагналыг нь гардуулан өгсөн. 
Ч.Отгонцэцэг
相关新闻