Банканд хадгаламжтай иргэдийн 84 хувь нь саяас доош төгрөгийн хадгаламжтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр өнгөрсөн сарын 31-ний байдлаар тус аймгийн давхардсан тоогоор 25836 иргэн арилжааны банкнуудаас 130,6 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Энэ нь дөрвөн хүн тутмын нэг нь зээлтэй гэсэн үг юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 13,1 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Нийт зээлийн 65,5 хувь нь аймгийн төвд, 34,4 хувь нь хөдөө сумдад ногдож байна.
Түүнчлэн 54903 иргэн буюу нийт хүн амын 54 хувь нь арилжааны банкуудад 86,6 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байгаа аж. Үүнээс нэг сая төгрөг хүртэл хадгаламжтай иргэдийн тоо нийт хадгаламж эзэмшигчдийн 84 хувийг эзэлж байна. Хадгаламжийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн бөгөөд үүнд иргэдийн банканд итгэх итгэл нэмэгдсэн, санхүүгийн боловсрол дээшилж хуримтлал үүсгэх сонирхол бий болсон, иргэдийн амьжиргааны түвшин тодорхой хэмжээгээр сайжирсан зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Ө.Нурболат