Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн тухай мэдээлэлтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын байгууллагын ажилчид “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн тухай” сэдэвтэй сургалтанд хамрагджээ.
Сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос явуулсан бөгөөд Завханы банк санхүүгийн байгууллага, Төрийн бус байгууллага, Даатгалуудын ажилтан нийт 30 орчим албан хаагч оролцож мэдээлэл авчээ. Энэхүү сургалтаар мөнгө угаах болон, терроризмыг санхүүжүүлэх гэдэг үгсийн ялгааг гаргаж, энэхүү гэмт хэрэгтэй яагаад тэмцэх шаардлагатай байгаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь ямар хэлбэрээр илэрдэг гэх зэрэг хэрэгцээ шаардлага бүхий сонирхолтой ойлголтуудыг оролцогчдод өгсөн байна. Мөн үеэр сургалтанд оролцогчдод “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх нь” нэртэй гарын авлагыг тарааж, сургалтаас авсан мэдээллийг ажлаараа дамжуулан үйлчлүүлэгчиддээ хүргэхийг уриалжээ. Өнөөдрийн нийгэмд зайлшгүй анхаарах ёстой, сэрэмжлэх, мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлж байх ёстой чухал асуудлуудын талаар ойлголт өгч, дадлагажуулсан сонирхолтой, өгөөжтэй сургалт боллоо хэмээн сургалтад оролцогчид ам сайтай байна.
Б.Мягмарсүрэн