“Мэргэжил сонголт” арга хэмжээнд 1500 шахам сурагч, 400 гаруй эцэг эхчүүд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-24 18:39:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жилийн  “Мэргэжил сонголт” арга хэмжээг Сэлэнгэ, Бэлчир, Ерөө, Орхон, Хараа гэсэн аймгийн 5 бүсэд, бүрэн дунд боловсролын 33 сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төв, багш, эцэг эхчүүдийг хамруулан явууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ЗГХЭГ, БСШУСЯ, Боловсролын Үндэсний төв, БЗС, БМИҮЗ, ОХУ-ын Буриад Улсын Их сургуулийн төлөөллүүд хамтран оролцжээ. Дээрх арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн хэмжээний нийт 33 сургуулийн удирдлага, багш нар, 1477 сурагч, 400 гаруй эцэг эхчүүд хамрагджээ.
Сэлэнгэ аймаг энэхүү “Мэргэжил сонголт” арга хэмжээг өөрийн уламжлал болгоод багагүй цаг хугацааг өнгөрөөж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн хамгийн их сонирхдог топ гэгдэх их дээд сургуулийн төлөөллүүдийг орон нутагтаа урьж авчирч шинэ мэдээлэл олгодог юм. Түүнчлэн хүүхдүүд мэргэжил сонгохдоо юун дээр анхаарах, хэрхэн сонголт хийх, хамгийн их эрэлт хэрэгцээтэй ямар мэргэжил байдаг, мөн монгол болон дэлхийн томоохон их дээд сургуулиудад тэтгэлгээр яаж суралцаж болох зэрэг өргөн мэдээллийг өгч, тухайн сургуулиудын мэргэжлийн хүмүүс хүрэлцэн ирж, хүүхдүүдийн сонирхсон асуултуудад хариулт өгдөгөөрөө онцлогтой.
Ч.Отгонцэцэг
相关新闻