Хармагны найрлагатай гарын саван худалдаанд гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-24 11:05:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн "Хатан хармаг" ХХК-иас хармаг жимс, хармагны навчны найрлагатай саван үйлдвэрлэж өчигдрөөс Улаанбаатар хотод борлуулж эхэлсэн байна.
Тус хамт олон говь нутагт ургадаг хармаг жимс болон түүний навчыг бүтээгдэхүүн болгохоор судалж эхэлснээс хойш 4 жилийг ардаа үджээ. Тэд хармаг жимсний цай, хармагны навчин цай, жүүс, ундаа зэргийг үйлдвэрлэж байсан бол одоо гарын саван үйлдвэрлэх боллоо. Говь нутагт зонхилон ургадаг хармаг жимсийг дэлхийд нэртэй брэнд болгох зорилготой уг хамт олон ийнхүү өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ нийслэлчүүддээ хүргэж эхэлжээ. 
Хармаг жимс нь хүний цусыг цэвэршүүлэн залуужуулдаг, даралт бууруулж тогтворжуулах, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг, элдэв шархлаа, хагалгааны шарх зэргийг маш хурдан эдгээдэг бөгөөд С амин дэмээр баялаг учир хүний биеийн дархлааг дэмжиж өгдөг байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻