ӨМНӨГОВЬ: Эх, хүүхэд, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-тай хамтран төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч нярай судлалын зөвлөх эмч Ч.Наранцэцэгээр ахлуулсан аудитын баг хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах зорилтын хүрээнд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллалаа.
Тус
ажлын баг холбогдох тасаг нэгж бүрийн онцлогт тохирсон зөвлөн туслах ажлыг зохион байгуулж эх, хүүхэд, нярайд үзүүлэх өвөрмөц тусламж үйлчилгээг
сайжруулах ажлын байрны арга зүйн зөвлөгөө өгчээ.
Мөн
ажиллах хугацаанд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхэд, нярайн тасгийн
болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт танхимын сургалтыг зохион
байгуулснаараа үр дүнтэй ажил болжээ.
Өмнөговь аймаг 2024 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 хувьтай гарчээ.
ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч нярай судлалын зөвлөх эмч Ч.Наранцэцэг:
-Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээ, нярайн эрчимт эмчилгээний багийн сургагч багш нар Өмнөговь аймагт нярайн эндэгдлийн тал дээр хамтарсан хэлэлцүүлэг хийж, эндэгдлийн дүгнэлт хийх, эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн нярайн болон хүүхдийн эмч нарын багтай харилцан ярилцаж цаашдаа эндэгдлийг бууруулах тал дээр хамтарч ажиллахаар хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.
Бидний гол зорилго бол нярайн
эндэгдлийн тал дээр хамтарч ажиллаж лавлагаа төвийн түвшинд хэрхэн яаж туслах, эмнэлгийн
тусламжийг мэргэжлийн түвшинд хэрхэн шуурхай хүргэх тал дээр зөвлөгөө мэдээлэл,
үнэлгээ хийж дүгнэлт өгөх юм. Үүнээс гадна бид сувилахуйн багтайгаа ирсэн.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилахуйн ахлах сувилагч яаралтай
тусламжийн сувилгааны тал дээр тодорхой зөвлөмжүүдийг өглөө. Мөн Өмнөговь
аймагт анхаарах гол ямар ажлууд юу байна, хэрхэн яаж засаж сайжруулах вэ гэдэг
тал дээр хамтарсан сургалтаар харилцан ярилцаж, сумын эмч нарыг ч хамрууллаа. Энэхүү сургалт, үйл ажиллагаа нь хөдөө орон
нутагт нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулах,
эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамтын багийн хүчээр түргэн шуурхай мэргэжлийн
хэмжээнд хүргэх зэрэг олон давуу талууд бий болсон үйл ажиллагаа боллоо гэж
харж байна.