Профессор М.Ганболд Германд монголын нүүдэлчдийн биет өв төслийн багт ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-17 15:08:40
Ховд /МОНЦАМЭ/ Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессор Мөнгөнхүүгийн Ганболд энэ  оны 4 сарын 4-нээс  5 сарын 5-ны хооронд ХБНГУ-ын Бонн хотноо байрлах  Боннын их сургуулийн Ази, Дорно зүгийн сургуулийн Монгол, Түвд судлалын салбарт ажиллаад иржээ.
Тэрээр Боннын их сургуулийн Ази, Дорно зүгийн сургуулийн Монгол, Түвд судлалын салбарт профессор Ханс Ротын урилгаар очсон байна. Тэнд “Европын музейнүүдэд хадгалагдаж байгаа Монголын нүүдэлчдийн соёлын биет өвийг дижитал хэлбэрт оруулах нь” төслийн багийнхантай хамтран ажиллажээ. Өмнө нь тус төсөлд ажилласан Герман, Монголын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд суурилан Европын музейнүүдэд хадгалагдаж байгаа Монголын нүүдэлчдийн соёлын биет өвийг бусад ард түмний соёлын бие төвөөс ялган таних, биет өвийн нэршлийг тогтооход оролцох, зарим өвийн халх монгол, ойрад монголоор өгсөн оноосон нэрийг тодруулах, уг өвтэй холбоотой зан үйлийн уламжлал, шүтлэг бишрэлийн зүйлс зэрэг асуудлыг өөрт байгаа боломжийн хирээр тайлбарлах чиглэлээр ажилласан байна.

Түүнчлэн Германы ард түмний бүтээсэн эрт, дунд, шинэ үеийн түүх, соёлын дурсгалуудтай танилцах, Герман орны хөгжил дэвшил, хот хөдөөгийн хүмүүсийн аж амьдралын дүр төрх, Герман хүмүүсийн аж төрөх соёл, амьдралын хэв маяг, дадал заншилтай танилцах зэрэг эрдэм шинжилгээ,судалгааны ажлуудыг хийжээ.        Профессор М.Ганболд тус сургуулийн Ази, Дорно зүгийн сургуулийн Монгол, Төвд судлалын профессор Инесе Штолбе, профессор Ханс Рот нарын урилгаар ажиллахдаа судалгаа шинжилгээ хийж, монгол судлаачдад семинар зохион байгуулж, лекц уншсан байна. 
Ховд Их Сургуулиас анх удаа Боннын их сургуульд  зочин профессороор ажиллахаар уригдсан  эрдэмтэн багшийн анхны ажил хоёр орны сургуулийн хамтын ажиллагааны түүхэнд бас нэгэн цоо шинэ хуудас нээжээ. 
Тэрээр дээрх ажлынхаа үр дүнд ирэх  8 сараас Бонны их сургуулийн судаачид, эрдэмтэд хорондын хамтын ажиллагааг  үргэлжлүүлэх ажлын эхлэлийг тавиад иржээ.
А.Бямбасүрэн

相关新闻