“Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-15 16:47:06
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар иргэдийн ярьж заншсанаар Наадмын талбай буюу “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Ерөнхий төлөвлөлтийг 259.4 га талбайд хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад 24.2 га,  төрийн байгууллагын эзэмшилд хоёр га газар байна.  Харин үлдсэн хэсэг нь нийтийн эзэмшилд байгаа юм. 

Иймд ерөнхий төлөвлөлтийг хийхдээ,  нийт талбайн 12.4 га-д голын сав газрын хамгаалалт,  18.2 га-д олон нийтийн, 2.4 га-д орон сууц, 1.3 га-д амралт, гурван  га-д сургууль,  72.4 га-д биеийн тамир спорт, 135.6 га-д ногоон байгууламж, 13.6 га-д инженерийн шугам сүлжээний бүс байхаар боловсруулжээ. Эдгээрийг бүтээн байгуулахад 111 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог тус төлөвлөгөөг боловсруулсан “Ди Энд Жийс” ХХК танилцууллаа.

Уг төлөвлөлт ёсоор бүсийн болон аймгийн хэмжээнд дөрвөн  улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах, стандартын шаардлага хангасан барилга байгууламж бүхий чөлөөт цагийн иж бүрэн цогцолбор байгуулах юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2038 он хүртэл хэрэгжүүлэх гэнэ. Ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн батална.

Одоогоор “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан 288 айлын орон сууцны барилгын ажил эхлээд байна. Энэ нь наадмын талбайн газарт барилга барилаа гэх асуудлыг үүсгэсэн. Харин энэ газар нь наадмын талбайн хэсэгт хамаарахгүй гэдгийг Тэргүүлэгчид хэлж байлаа.  Учир нь тухайн хэсэгт тойруулж хатгасан хашаа нь Сархиа уулын хамгаалалтын хашаа юм. Мөн энд инженерийн шугам сүлжээний байршлаас хамаарч хийж буй ажил гэдгийг мөн онцолж байлаа. 

Харин инженерийн шугам сүлжээнд хамгийн ойр 2000 орчим айлын орон сууц барих боломжтой газарт “Эко хороолол” нэрээр цөөн айлын амины сууцыг 2013 онд  барьсан ч өнөөдрийн байдлаар 45 сууц баригдаад байна. Мөн “Эко хороолол” төслийн гүйцэтгэгчээс төлөвлөлтийг зөрчсөн, төслийг саатуулсан зэрэг шалтгаанаар орон нутагт 2.4 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байгаа ажээ. 
 
Б.Оюун-Эрдэнэ

相关新闻