Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-05-14 13:07:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц гаргалгааг тодорхойлох зорилго бүхий "Монголын эдийн засгийн форум 2018" энэ сарын 21-22-нд Төрийн ордонд болно.

Энэ талаар өнөөдөр тус форумын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 
 
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, "Монголын эдийн засгийн чуулган 8 дахь удаагаа болох гэж байна. Энэ жилийн чуулганы онцлог нь улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мөн Засгийн газар Хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулахаар төлөвлөжээ."Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байгаа энэхүү чуулганы нэгдсэн хуралдаан "Монгол Улсын хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого" сэдвийн хүрээнд болно. Мөн "Аж үйлдвэрийн IV хувьсгал, Төр, хувийн хэвшлийн түншлэл" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого,  мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл, баялгийн сан зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.  Өнгөрөгч 3 дугаар сард болсон "Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг"-ээр Засгийн газар "Гурван тулгуурт хөгжлийн бодлого", "Татварын хуулийн шинэчлэл" зэргийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд татварын хуулиа өргөн барих болсон. Үүнд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгох, татварын дарамтыг цэгцлэх зэрэг олон дэвшилтэд шинэчлэл авчрах төсөл боловсруулсан" гэлээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Манай танхим энэ форумд анхнаасаа идэвхтэй оролцож ирсэн. Энэ удаагийн форумд хөрөнгө оруулагч, төр, хувийн хэвшлийг бататгах болно. Уналттай байсан эдийн засаг сүүлийн нэг жилд 5 хувийн өсөлт үзүүлсэн. Ирэх хоёр жил 6-7 хувьд өсөлт барих тооцоолол бий. Энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн санхүүжилтын ил тод байдлыг хангах, авлигыг таслан зогсоох чиглэлд анхаарлаа хандуулах нь зөв. Төр засгийнхан хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бол энэ форумд гол анхаарлаа хандуулах ёстой. Ерөнхий сайд агентлагийн дарга нар хоёр өдрийн форумд бүтэн суухгүй бол би бизнесмэнүүдээ аваад гарна" гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻