“Хайрцаг дүүрэн хайр” аяны тусламж эзэддээ хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-08 19:29:51

Дундговь /МОНЦАМЭ/. МУЗН-ээс Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Баянжаргалан, Дэлгэрцогт, Дэрэн, Сайнцагаан, Гурвансайхан сумдын шалгуур үзүүлэлт хангасан 160 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. 

Өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн баг, Нийслэлийн боловсролын газартай хамтран ЕБС, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг хүмүүнлэгийн аянд уриалан оролцуулах зорилгоор “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ.

Ингэснээр хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, бусдад сайн санааны дэмжлэг өгөхөд сургах, зуданд нэрвэгдсэн малчдад дэмжлэг туслалцаа хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү аянд Нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилчид болон эцэг эхчүүд оролцсон аж. Тусламжийн эд зүйлсэд малчдад хэрэгцээтэй ахуйн болон соёлын бараа, хүнсний хэрэглээний зүйлс, малын хэрэгцээнд ашиглах нэмнээ, элгэвч, төлийн уут, малын тэжээлийг хандивлав. 

Б.Ундармаа
相关新闻